Олон орноос хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт архитекторууд та бүхний өнөөдрийн түмэн амгаланг айлтгаж Азийн Архитекторуудын 15 дугаар их хурлын / arcasia forum 15 / үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе!


Хүн төрөлхтний өмнө тулгараад буй олон бэрхшээлтэй асуудал бий. Түүнээс үүдээд архитекторчдын өмнө хоёр том бэрхшээлтэй асуудал тулгарч байна гэж би хувьдаа үздэг.
Нэг дэх нь мэдээж хэрэг хотжилтын асуудал. 100 жилийн өмнө хүн төрөлхтний 25 хувь нь хотод амьдарч байсан бол өдгөө 56 хувь болжээ. Цаашдаа 75 хувь болтлоо өсөх төлөв байгааг та бүхэн мэдэж байгаа. Ялангуяа Ази тивд хотжилт маш эрчимтэй явагдаж байна.

Удаах асуудал нь цаг агаарын өөрчлөлт, дэлхийн дулаарал юм. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийн бараг 70 орчим хувь нь хотжилттой холбоотой. Тэгэхээр хотжилт, барилгажилт, архитекторын шийдлийг бид зөв тодорхойлж, хөгжүүлж чадвал хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа дэлхийн дулаарал, цаг агаар, байгал экологийн тэнцвэрийн асуудлыг нааштай болгох боломж байгаа юм.
Манай улсын хувьд хүн амынх нь бараг тал хувь нь нийслэл хотдоо амьдарч байгааг та бүхэн ажигласан байх аа.

Дархан, Эрдэнэт болон аймгуудын төв зэрэг бусад суурин газар амьдарч буй иргэдээ тооцвол хүн амын маань бараг 70-аас илүү хувь нь хотод амьдрах болов. Жархан жилийн өмнө бидний өмнөх үеийнхэн, өвөг дээдсийн маань ихэнх нь хөдөө хээр морин дэл дээр давхисан нүүдлийн амьдралтай байлаа. Одоо ийнхүү нүүдлийн ахуйгаасаа хотын амьдралд эрчимтэй шилжиж, орчин үеийн хотын соёлын хэв ёс, шаардлагад нийцэж, зохицож амьдрана явдал монголчуудын өмнө тулгамдаж буй бас нэгэн чухал асуудал болж байна.

Тэгэхээр өнөөдөр хуралдаж буй Азийн Архитекторуудын 15 дугаар хурал нь цаг үеэ олсон төдийгүй бас Монгол Улсын нийслэлд болж байгаагаараа үнэхээр нүдээ олжээ. Ийм учраас энэ их хуралд оролцож та бүхэнтэй товчхон ч гэсэн санаа бодлоо солилцоё гэж бодсон юм. 2011 онд Япон Улсад Дэлхийн Архитекторуудын Дээд чуулга уулзалт болно. Өнөөдөр болж буй Ази тивийн Архитекторуудын Их Хурал нь тэрхүү Дээд чуулга уулзалтад угтал хэсэг нь, өөрөөр хэлбэл бэлтгэл ажил нь болж байна гэж үзэж байна.

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын байранд Та бүхнийг маш гайхамшигтай сайхан үзэсгэлэн гаргасныг би сонссон. Олон орны архитекторуудын болон манай монголын архитекторуудын ур ухаан цогцолсон хотжилт болоод барилгын гайхамшигтай шийдлүүдийг тэндээс харж байна гэлээ. Энэ үзэсгэлэнд бүтээлээ ирүүлсэн улс орнуудад гүн талархал илэрхийлж байна.

Манай улсын хувьд түүхэн онцлог бий. Найман зууны өмнө Монголчууд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн орон орны болон монголынхоо урчуудын хүчээр нийслэл Хархориноо цогцлоон босгож байсан сайхан түүх бий. Найман зууны дараа Монгол Улсын хотжилтыг цоо шинээр шийдэх энэ чухал үед олон орны архитекторууд та бүхэн нийслэл хотод маань дахин цуглаад чуулан хуралдаж байгаа нь үнэхээр түүхэн ач холбогдолтой юм.

Архитекторчид гэдэг бол зөвхөн байшин барьдаг, хүнийг халуун хүйтнээс хамгаалсан оромжийн зураг гаргадаг хүмүүс биш ээ. Хотжилт, барилгажилтыг асар хурдацтай хөгжиж буй шинэ эриний шаардлагад яаж нийцүүлэх вэ? Ард иргэдийг хэрхэн эрүүл аюулгүй орчинд амьдарч, ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх вэ? Барилга, байшинг хэрхэн бат бөх, урт настай төдийгүй уран тансаг, гоо сайхан хэлбэр, шийдэлтэй байлгах вэ? Хэрхэн байгал, экологид хор хөнөөлгүй төдийгүй ээлтэй байлгах вэ? Энэ бүхэн цогцоороо архитекторуудын ажил юм. Өнөө цагт хүн бүтээлчээр ажиллаж амьдрахыг хүсч байна. Энэ хүслийг нь биелүүлэхэд бүрэн боломж, нөхцөл олгосон тийм орчинд амьдрахыг хүсч байна. Тэрхүү орчин нь, байр сууц нь эдийн засгийн хувьд үр ашигтай, хямд хялбар шийдэлтэй төдийгүй гоё тансаг, гоо сайхан байхыг хүсч байна. Тэгэхээр энэ бүх байж боломгүй зүйлийг яаж хослуулах вэ? Эрчим хүчний хангамж, халуун, хүйтний зохицуулалт гээд шийдэхэд бэрхшээлтэй олон асуудал байна. Гэтэл үүнийг архитекторууд та бүхэн бүрэн шийдэж чаддаг хүмүүс ээ.
Хүн шийдэх боломжгүй зүйлийг бурхан шийддэг гэж бид итгэдэг.
Тэгэхээр “Архитекторууд бол бурхны бүтээдгийг хийдэг хүмүүс юм байна” гэж хэлэхийг хүсч байна. Тухайлбал, архитекторын шийдэл гэдэг ямар гайхамшигтайг Австралийн Дуурийн театрын барилгаар жишээ болгон хэлж болно. Зөвхөн Авсралийн дуурийн театрын барилгын архитекторын шийдлийг үзэхээр гадаадаас ирж байгаа жуулчдын оруулж буй хөрөнгө оруулалт нь дотооддоо олж байгаа ашгийнхаа үлэмж хувийг эзэлдэг гэж би сонсож байсан. Тэгэхээр архитекторуудын зөв шийдэл гэдэг бол улс орны эдийн засаг, тухайн ард түмний соёлын түвшин, түүхийн аугаа ололт амжилтыг хүн төрөлхтөний оюун санаанд бичиж үлдээхэд ямар чухал хувь нэмэр оруулдаг юм бэ гэдгийг харж болно.

Тиймээс “Архитекторуудын шийдэл бол боломжгүйг боломж болгож хувиргадаг урлаг юм”. “Дархан хүн бурхан ухаантай” гэж монголчууд хэлэлцдэг билээ. Энэ бол миний ард түмэн дархан, уран хүний хөдөлмөрийг гайхамшигтай онож үнэлсэн үнэлгээ юм гэж би хувьдаа боддог. Өнөөдрийн энэ цаг үед энэхүү зүйр үгийг хэлэх юм бол “Архитекторч бол бурхан ухаантай хүмүүс юм”.

Мөн улс төрийн салбарт ч, нийгмийн салбарт ч архитектор гэж нэр томъёог хэрэглэдэг. Анхдагч, шинийг санаачлагч, түүхийг бүтээгчдийг бид архитектор гэж нэрлэдэг шүү дээ. Энэ утгаар нь авч үзвэл та бүхний үйл ажиллагаа, та бүхний явуулж байгаа бизнес, ажил хэрэг бол аливаа улс орны хөгжилд хамгийн чухал, маш үнэ цэнэтэй юм.

Ер нь ирээдүйд Азийн хөгжлийг, ялангуяа Монгол Улсын хөгжлийг тодорхойлох бурхан ухаан та бүхний гарт байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Манай Монголын архитекторууд энд хүрэлцэн ирсэн гадаадын архитекторуудаас их зүйлийг суралцах байхаа гэж бодож байна. Энэ танхимд барилга, архитектурын салбарт олон жил ажилласан монголын нэр хүндтэй ахмад архитекторууд, бас шинээр суралцаж байгаа оюутнууд ч хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн маань гадаад орнуудын мэргэжил нэгтнүүдийнхээ сайн туршлагаас суралцах нь манай улсын хөгжил, ялангуяа хотжилтын хөгжилд үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болно гэж бодож байна.

Гадаадын эрхэм зочиддоо хандаж хэлэхэд, өөр хоорондоо оюун ухаанаа уралдуулсан, бие биенээсээ суралцсан уур амьсгалаар хурлын үйл ажиллагааг улам амжилттай болгоход хүч анхаарлаа тавиарай гэж хүсье.

Та бүхнийг манай оронд хүрэлцэн ирсэн явдалд туйлын их баярлалаа.
Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. .


Эхийг: www.president.mn


0 сэтгэгдэл :

Сэтгэгдэл бичэх бол Name/URL юм уу, хэрэв google id тай бол түүгээрэй бүртгүүлж сэтгэгдэлээ үлдээгээрэй. Блогт минь орж, сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд удаахгүй хариу өгөх болно. Таныг хүндэтгэсэн: Блогийн толгойлогч ME